Хүмүүс: |
Дэлхийн миссийн тэмцээнд хамгийн өндөр чансааг үзүүлсэн мисс А.Баярцэцэг Америкийн алдарт Netflix-ийн сериалд тоглохоор болжээ. Миссийн амжилтаа ахиулсныхаа дараа кино урлагт хүч үзэх болсон тэрээр тун чадварлаг жүжигчин гэдгээ харуулаад амжсан. Дэлхийд тодрох хүсэл, жүжигчин болох мөрөөдлийнхөө төлөө хичээж буй А.Баярцэцэг NETFLIX, Amazon-ы хоёр сериалын сонгон шалгаруулалтанд орж, тэнцжээ. Ийн олон улсын мэргэжлийн жүжигчидтэй мөр зэрэгцэн АНУ-ын сериалд тоглох болсноо сошиал хуудастаа оруулжээ.
Тэрээр "Английн CORE MGMT агентлаг дэлхийд төлөөлөх жүжигчний агент маань болж хамтран ажиллаж эхэллээ. Сүүлийн 2 долоо хоногт гэрээсээ self-tape-р NETFLIX, Amazon-н 2 ч сериалд шалгуулав. Олон улсын уран бүтээлүүдэд олон улсын жүжигчидтэй эн тэнцүү өрсөлдөж, шалгуулж, ажиллах боломжийг олгох сэтгэл тавьдаг, сайн агенттай болохыг 8 жил хүсч мөрөөдсөн маань биелэлээ оллоо. Тэгсэн чинь сонин бодол төрөв. Royal Central School of Speech & Drama-даа сурч төгсөөгүй байсан байсан бол одоо ийм мөч гэж байхгүй байсан байх даа гэсэн. Цаашлаад Чевенингийн тэтгэлэгт 2 ч удаа (эхний жилдээ эхний шатандаа ч тэнцээгүй бараг л бууж өгөх гэж байсан...) apply хийгээгүй байсан бол энэ сургууль маань ч мөрөөдөл болон үлдэх байсан биз. Тэгээд бодоод байвал надаас илүү ур чадвар, авъяас мэдлэгтэй, мэргэжлийн найз нөхөд, урлагийн ах эгч нар маань байгаад зааж зөвлөөгүй байсан бол; олон жил олон ч уран бүтээлд цалинтай, цалингүй гэлтгүй бүх сэтгэлээ зориулж явж дадлагажаагүй байсан бол ”энэ мэргэжлийн бус хүнийг мастерт авна гэж юу байдаг юм” гээд тэтгэлэгтээ ч тэнцэхгүй байсан байх Бүүр цаашаа ухаад бодоод байвал ажлаасаа гараад ер нь Америк руу жүжигчин болохоор явна гэж шийдэж байсан тэр анхны моментонд ”Ямар тэнэг бүтэхгүй том юм мөрөөддөг юм бэ, биелэхгүй бол яах юм? Газардах хэрэгтэй” гэсэн бусдын бодлыг өөрийн үнэн болгоод мөрөөдөлдөө цэг тавьчихсан бол өдийд шал өөр газар, огт өөр зүйл хийгээд явж байгаа байхдаа гэсэн бодол төрөв. Сэтгэлд чинь багтаж л чадаж байвал тэнэг мөрөөдөл гэж байхгүй. Чамайг чамаас өөр хэн ч газардуулж чадахгүй. Өнөөдөр, яг одоо мөрөөдлийнхөө төлөө юу хийж, яаж хөдөлмөрлөж байна - тэр л ирээдүй болж биелнэ. #mongolianactress #coremgmt #cspmanagament #CSSD #IamChevening" гэжээ.