Хүмүүс: |
УИХ-ын чуулганы цахим хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг батална. Чуулганы танхимаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адъяа нар оролцож байна. УИХ-ын цахим чуулганы хуралдаанд цөөнхийн төлөөлөл хяналт тавина. Мөн олон улсын парламентын түвшинд 100 хувь иж бүрэн цахим хуралдаан хийсэн дэг одоогоор байхгүй байгаа. Төлөөлөл нь танхимаас бусад нь онлайнаар хуралдаа оролцдог жишгийг дагаж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотголоо.
Хэлэлцэх эхний асуудалдаа орсноор УИХ-ын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг нар онцгой нөхцөл байдалд чуулганы хялбаршуулсан дэгээр явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хялбаршуулсан дэгээр хэлэлцэх болсон тул УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганыг удирдаж, УИХ-ын дарга хяналт тавихаар боллоо.
Хурлын үеэр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан "Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг онцгой цаг үед батлах гэж байна. Ирэх оны төсөвт цар тахлыг хамгийн хүндээр төсөөлөөгүй ч гэсэн хэрэв эрсдэл учирвал гэсэн нөхцөлтэйгөөр боловсруулсан гэж бодож байгаа. Хэрэв цар тахал хүндэрвэл иргэдийнхээ орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулж тэтгэх зорилгоор 870 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд суулгасан. Үүнийг УИХ-аас ч гэсэн хэвээр нь баталж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн бүхий л байгууллагын санхүүжилт, худалдан төсвийг нь анх оруулж ирсэн байдлаар нь батлах гэж байна." гэлээ.