Хүмүүс: |
Шинэ гишүүдийн ээлжит будлиан үргэлжилсээр. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед УИХ-ын чуулган онлайнаар явагдаж буй. Энэ үед гишүүд Төрийн ордонд цуглах нь цуглаж, гэрээсээ оролцох нь гэртээ байж, хуралдаа оролцож байна. Өчигдрийн чуулганы үеэр шинэ гишүүд гомдоллож, сайд нарт хов зөөгөөд сууж байх. Зарим нэг гишүүд ийм хүнд нөхцөл байдал үүссэнд уучлалт гуйгаад зогсож байх юм. Харин зарим нь бүр гэртээ байгаа хэр нь зургаа тавьж, ирцээ бүртгүүлчихээд нэг ч үг хэлэхгүй байх жишээний. Тэр хүн нь Ц.Мөнхцэцэг.
Яахав дотуур өмдтэйгөө суугаагүй нь их юм. Гэвч түүний эл үйлдэл сошиал орчинд багагүй шуугиан тарив. Өөрөө ч үүндээ хөнгөхөн тайлбар хийчих юм. Тэрээр “Ер нь гэрээс онлайн хурал хийхэд хүүхэд, гэрийнхэн үймүүлэх явдал бишгүй байх юм. Тиймээс гишүүд үг хэлээгүй үедээ виртуаль зураг, цээж зургаа тавих, эсвэл камераа хаах зэргээр бүтэн өдрийн чуулгандаа оролцож байгаа шүү” гэж твиттер хуудастаа жиргэжээ. Түүний хэлсэн энэ үгнээс үзэхэд бүх гишүүд чуулганы хуралдаа бүрэн суудаггүй, хулхиддаг нь илчлэгдэв бололтой.
Төрийн ордонд тэд чуулганы үеэр зөвшөөрөлгүй гарч, орох эрх байхгүй. Гэтэл гэртээ байгаа гэж дураараа дургиж, хүүхдүүдээрээ халхавчилсаар байх. Хуучин бууны хугархайнууд өмөлзөж, гомдоллоогүй байхад манай “шиноков”-ууд ээлж дараалан, тайлбар тавиад сууж байх юм. Удахгүй ард түмнийхээ төлөө нойр, хоолоо хасан байж онлайн хуралд чинь сууж байна гэх вий дээ.
Ж.Билэгт