Хүмүүс: |
Хаана ч хэнэггүй, өөрийнхөөрөө байдаг сахилгагүй бүсгүй бол хийлч Дээгий. Өдгөө 40 нас давж, өөрийн нэрээр хөгжмийн сургууль нээн, тун тогтуун амьдарч буй. Нэг насныхаа ханиар харийн эр сонгосон түүнийг тухайн үед олон ч хүн зэмлэн, шүүмжилж байлаа. Гэвч тэр сонголтондоо үнэнч байж, уул уурхайн компанийн эзэн гэгддэг Марк Бэйлитэй ханилсаар есөн жилийг ардаа үджээ. Сүүлийн үеийн хөгжөөнт нэвтрүүлэг, реалити шоуг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. “Авьяаслаг Монголчууд” шоуны хөтлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш түүний гадаад дүр хувьсан өөрчлөгдсөөр.
Түүхэн кинонд гоолиг биеэ гайхуулан, нүцгэлээд амжсан Дээгий телевизийн шоуг дамжих бүртээ имижээ өөрчилнө. Түүний сүүлийн үеийн төрх, дүр сонголтууд жил ирэх бүр ахисаар. Бүхэл бүтэн жил хамт шүүгч хийсэн С.Чимгээ өнгөрсөн таван жилийн турш дорвитой өөрчлөлт гаргаагүй байхад Дээгий өнгө нэмсээр сууна. Удтал тайзан дээр бараагаа харуулаагүй тэрээр оны өмнөхөн “Never Enough” тоглолт толилуулах гэж байсан ч хөл хорионд ороогдоод чадаагүй. Тоглолт хугацаандаа тоглогдсон бол их хотыг доргиож, сүртэй болох нь мэдээж. Тэр энэ удаад “хунтайж” Ч.Цэнгүүнийг ч ардаа хол хаяхаар залуу хийлч Б.Билгүүнийг онилж, хамтрахаар болсон. Нөхрийнхөө түрийвчийг сонгосон гэж шулуухан ярьдаг түүний таван жилийн өөрчлөлтийг сонирхъё.