Хүмүүс: |
Коронатай, хөл хориотой, бүсээ чангалсан бүтэн нэг жилийг Монголчууд мөлхөх нь мөлхөж, араагаа зуун байж өнгөрүүллээ. Өнгөрсөн оны хавар коронавирус дэлхий даяар тархаж, хүмүүс үй олноороо үрэгдэж байхад манай орон коронавирус дотроо алдаагүй цөөн улсуудын нэг байв. Анх-Отгоноос халдвар илэрсэн мөчөөс эхлэн өдөр бүр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү эмч цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж, гэртээ ч харилгүй, эмнэлэг дээрээ хонон өнжин ажилласаар өдий хүрчээ. Харин Д.Нямхүү эмч өнөөдөр амьдралынхаа бүтэн нэг жилийг коронатай зодолдсоор даргын суудлаасаа буув. Гадаадаас шил даран ирэх халдвартай иргэдийг нэгбүрчлэн эмчлэн, Анх-Отгоныг нутаг буцааж, арван сар иргэдийг аюулгүй байдалд байлгасан нь буурал толгойт Д.Нямхүү эмчийн гавьяа гэлтэй.
Гэвч арван сар гүрийж, бүсээ чангалсан иргэд улсын эмнэлгээс болж, итгэл найдвараа гээж орхисон. Ердөө л эмнэлгийн хариуцлаггүй үйлдэл, хяналтгүй ажиллагаа буурал толгойтын олон сарын хөлс, хөдөлмөр, иргэдийн тэвчээр зүтгэлийг шалаар нэг тараасан. Галын шугаманд нүцгэн гараараа тэмцсэн түүний хичээл зүтгэл иргэдээ хамгаалж чадсан. Үүний хариуд тэр “би нойр, хоолгүй өдөржин, шөнөжин ажиллаж байна” гэж өмөлзөж, зарим нэг дарга шиг гоншигноогүй. Тийм ээ, тэр хийх ёстой ажлаа л хийсэн. Энэ бүхний хариуд хэнээс ч тус нэхэлгүй даргынхаа суудлыг нэр төртэй хамгаалсан Д.Нямхүү эмчдээ баярлалаа. Баяртай Д.Нямхүү эмч ээ.