Хүмүүс: |
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.
Түүний өлсөх болсон гол учир нь “Оюутолгой”-оо буцаан авах бөгөөд тэрбээр энэ үйл ажиллагаандаа зориулж, иргэдээс гарын үсгийг цуглуулсаар бүтэн өдрийг өнгөрөөлөө. Өнөөдрийн ардчилсан нийгэмд иргэн та бидний хэн нь ч жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэсэн хэдий ч дэлхий нийтийн цар тахлын энэ үед түүний үйлдэл хэтэрхий эрсдэлтэй харагдаж байгааг энд хэлэх нь зүйтэй. Төв талбайд олноороо нэг дор цугларч байгааг тоодоггүй юм аа гэхэд нэг үзгийг гараас гарт дамжуулан өгч, гарын зуруулж байгаа нь халдвар тараах хамгийн өндөр эрсдлийг үүсгээд байна.
Өнөөдөр өглөө Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгөхдөө, уулзалт, жагсаал цуглаан зэрэг нь халдвар тархаах хамгийн өндөр эрсдлийг дагуулж байгаа учраас хаа хаанаа хариуцлагатай хандах ёстой байгааг анхааруулсан. Гэвч энэ анхааруулга зөвхөн “хэлбэр” яриа төдий байсан юм гэж үү. Нөгөө талаас өнөөдрийн цуглаан нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас гаргасан 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа тухай цагдаагийн газраас мэдэгдсэн.
Ийм тодорхой хууль, захирамж зөрччихөөд байхад, хэн нэгэнд халдвар тараах боломжийг нь өгөөд зүгээр хараад сууж байгааг юу гэж ойлгох вэ. Халдвар хамгааллын дэглэм сахиулах, урьдчилан сэргийлэх, удирдлагаар хангах чиг үүрэгтэй Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комисс өнөөдөр юу хийж байна вэ. Нийслэл хот бол халдварын хамгийн эрсдэл өндөртэй бүс гэж та бүхэн өөрсдөө нийтэд зарласан. Гэтэл одоо ярихаас өөр зүйлгүйгээр зүгээр л хараад суугаа яамныхан, онцгой комиссынхон ажлаа хий.