Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа

2021/03/05
Share |
Хүмүүс:
Алба хаагчаа зодсон хурандаа албан тушаал ахиад байгааг анхаарна уу, Шадар сайд аа

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдвараас ард иргэдээ урьдчилан сэргийлэх, дотоод тархсан голомтыг хяналтад авахын тулд дээр дооргүй хүчин зүтгэсээр өдий хүрлээ. Энэ бүхнийг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг Шадар сайд ахалсан Улсын онцгой комисс (УОК) голлон хариуцаж их ажлыг нь нугалж буй билээ.

Тэдний ажил сайнтай, саартай явсаар байгааг иргэд харж, мэдэрсээр байна. Тэгвэл УОК-ын шуурхай штаб Эрүүл мэндийн яаманд байрлаж байсныг татан буулгаж, өдгөө ОБЕГ-т шилжүүлжээ.

Улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед удирдлага зохион байгуулалтаар хангаж байсан, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг чөлөөлөхөөр болж буй гэнэ. Алдыг нь аваад дэлэм дээр нь гэгчээр цар тахлын эсрэг вакцин оруулж ирэн хүн амаа урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар бэлтгэж байгаа энэ үед гол ажлыг нь нугалсан нэгнийг чөлөөлж, оронд нь ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилох гэнэ. Түүнийг эл албан тушаалд бүү хэл, ОБЕГ-ын тэргүүн дэд даргад тохирохгүй, ёс зүйгүй хүн гэж онцгой байдлын байгууллагын олон ажилтан ярих юм билээ. Тодруулбал, нударганы хүчээр алба хаагчдаа удирддаг хүн онцгой байдлын байгууллагыг, шуурхай штабыг хариуцан ажиллаж чадах болов уу хэмээн эргэлзэж буй юм.

ОБЕГ-ын дарга нь УОК-ын орлогч учраас цар тахлын халдвартай тэмцэх чиглэлд анхаарлаа хандуулсан энэ үед тус газрыг тэргүүн дэд бөгөөд Штабын дарга нь удирдлага зохион байгуулалтаар хангаж, өдөр тутмын ажлаа хариуцах ёстой. Түүний наад захын хийх үүрэгтэй ажил бол алба хаагчидтайгаа үр дүнгийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж, баталгаажуулах. Гэтэл ОБЕГ-ын ажилтнууд 2021 он гараад бүтэн гурван сар болоход үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэнэ. Эндээс л Штабын даргын ажил ямар вэ гэдэг нь харагдах биз.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд хууль, дүрэм, журам үйлчлэлгүй, албан тушаал дэвшүүлснийг ч гайхах хүн цөөнгүй. Төрийн албаны тухай хуулийн 37.1.3-т “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”-ыг хориглодог. Гэтэл хурандаа Ж.Чүлтэмсүрэн нэг бус алба хаагчдаа гар хүрсэн гэдэг.


Тодруулбал, одоогоос яг нэг жилийн өмнө нийслэлийн Онцгой байдлыг газрын даргаар ажиллаж байхдаа нэг алба хаагчаа өшиглөн улмаар шүдийг нь цөм цохижээ. Тухайн алба хаагчийн ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах гэтэл “Албаныхаа нэр хүндийг бод, эмчилгээний зардал өгье” гэх мэтээр арга саам хийсээр уучлал гуйгаад өнгөрсөн аж. Ийнхүү алба хаагчдаа гар хүрэх болсон шалтгаан нь бэр дүүгээ өмөөрснөөс болсон хэмээн тухайн алба хаагчийн ар гэрийнхэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нарт хаягласан өргөдөлдөө тодорхой бичжээ. Сайд нар тухайн алба хаагчийн ар гэрийнхний өргөдлийг хэрхэн шийдвэрлэх бол.

Юутай ч Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, нэг бус удаа алба хаагчдадаа гар хүрсэн түүнийг ОБЕГ-ын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрынхан нь шалгасан нэр зүүж өнгөрөөсөн бололтой. Сахилгын арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий. Сахилгын шийтгэл хүлээсэн хүнийг нэг жилийн дотор албан тушаал дэвшүүлэхгүй байх хууль, журам уг нь бий. Үүнийг үл ойшоон ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар томилсон байгаа нь хачирхалтай.

Үүнийг Төрийн албаны зөвлөлийнхөн хянаж шалган холбогдох арга хэмжээ авбал зүгээр сэн. Төрийн албаны зөвлөл бол төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага. Энэ утгаараа төрийн албанд өмнө нь ял эдэлж байгаагүй, ёс зүйтэй, чадварлаг бөгөөд туршлагатай хүмүүсийг ажиллуулахад анхаарч, хянадаг гэж хэлж болно. Гэтэл тус зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ыг зөрчин дээрх хурандаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга болчихоод байна. Уг журмын 2.5.3-т “Сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх” гэж заажээ. Тэгэхээр хурандаа Ж.Чүлтэмсүрэн энэ шаардлагад нийцэхгүй гэхэд болно.

Өөрөөр хэлбэл алба хаагчийнхаа шүдийг цөм цохисныхоо төлөө сануулах сахилгын шийтгэл хүлээсэн хүн шатлан дэвшчихсэн нь хууль журам төрийн албанд, тэр дундаа онцгой байдлын байгууллагад нэг мөр үйлчлэхгүй байгаа нь харагдана. Тиймдээ ч НОБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Чүлтэмсүрэнг тушаал ахиулан 2020 оны наймдугаар сард ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга болгосон аж. Төрийн албаны зөвлөлийнхөн хууль, журмын шаардлага хангахгүй ажилтан, дарга нарыг ажлаас нь чөлөөлж шударга ёс, ёс зүй, хууль, журмаа хэрэгжүүлэн ажиллах ёстой бус уу. Бид цаашид Төрийн албаны зөвлөл, ОБЕГ-ынхнаас хууль, журам зөрчин дэвшин томилогдсон дээрх албан тушаалтандаа ямар арга хэмжээ авсныг эргэж мэдээлэх болно.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ганаа Жинхэнэ дээшээ бөгс долоогч доо
IP:59.153.112.246  2021-03-05 13:41:02
Galdandagvaa Nemergui Urelsu- n angijav
IP:202.126.88.201  2021-03-05 14:01:58
zochin Xurelsvxiin xvn.bas xyligaan
IP:202.70.40.205  2021-03-05 14:21:10
Сайхан Цар тахалын үед удирдлага зохион байгуулалттай ажиллаж,го ажлыг нь нугалсан Б.Ууганбаярыг яагаад чөлөөлөгдөж байгаа юм. Тэтгэврийн бид нэвтрүүлгийг үзэж түүнд их баярлаж явдаг. Гэтэл яагаад энэ хүнийг өөрчилж ёс суртахуунгүй хүнийг томилж байна.ОБЕГ-ын дарга Ариунбуян 2021 оны ажилчдын үр дүнгийн гэрээгээ хийгээч.Б.УУГАНБ АЯР ГЭДЭГ ХҮҮГ ӨӨРЧИЛСӨНД ХАРАМСАЖ БАЙНАА.
IP:202.9.46.150  2021-03-05 20:43:11
j uuu huurhii iim novsh bj. Gehdee odo munguur said darga boldog bolsiishde jishee ni Nomin. Tanil talara said bolno jishee ni ex said Chylyy. Tegeher naad chn asuudalgui bho
IP:64.119.17.247  2021-03-05 22:54:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.