Хүмүүс: |
2018 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд охидын үзлэгийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж энэ үзлэгийг хориглохыг албан ёсоор зарласан юм. Гэтэл Нийслэл Улаанбаатар хот болон 5 аймгийн 7-12 ангийн охидын дунд 2019-2020 онд хийсэн судалгаагаар 10 хүүхэд дтутмын 7-гоос огт зөвшөөрөл авалгүйгээр сургууль орчинд үзлэг хийсэн нь энэ төрлийн үзлэг Монголд байсаар байгааг илэрхийлж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд тусгайлан үзлэг хийх тухай журам стандарт байхгүй. Харин сургуулиуд өөрсдөө зориулалтын бус орчинд охидыг үзлэгт оруулж цаашлаад хүүхдийн эрүүл мэндийн хувийн нууцыг алдагдуулах гэх мэт олон эрх зөрчигдсөөр байна.
Ерөнхий боловсролын сургуулиуд өнгөрсөн хугацаанд охидод нөхөн үржихүйн системийн өвчлөл байгаа эсгийг олж илрүүлэх бус зөвхөн бэлгийн харилцаанд орсныг шалгах үзлэг явуулж байна. Гэхдээ ерөнхий боловсролын сургууль үүнийг хийх эрхтэй байгууллага мөн үү? Сургуулийн орчин хүний эрүүл мэндтэй холбоотой үзлэг хийх ёстой газар мөн үү? гэх асуулт гарч ирнэ. Үзлэгийн өмнө охидод огт мэдээлэл өгдөггүй, зүгээр л багш нь ор гэдэг. Охидын үзлэг боллоо гэхэд сургууль ямар ч хамаагүй сул өрөөгөө гаргаж өгдөг гэх зэрэг асуудлууд хөндөгдөөд байгаа юм.
2021 онд Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиудад охидын үзлэгийг сургуулийн буюу зориулалтын бус орчинд хийхгүй байх чиглэл зөвлөмжийг өгчээ. Гэхдээ орон нутагт өнөөг хүртэл охидын үзлэг хийсэн тохиолдол байна.