“Нас барсан” хүнийг амьдруулсан нь

2022/06/03
Share |
Хүмүүс:
“Нас барсан” хүнийг амьдруулсан нь


Зах хязгааргүй тэнгэрийн дор далд увдис, зөн мэдрэмжиндээ захирагдаж амьдрах, бодол сэтгэлийг нэвт харван орж ирэх бодлын хүчиндээ өөрийн эрхгүй хөтлөгдөх, хийх ёстой үйл үйлдлийг далдаас сэмхээн шивнэх... энэ бүхэн хэн хүнд заяахгүй, бас давтагдахгүй учир тохиол юм.
 Баямбадэлгэр эмч танрага өргөсөн эмчин хөдөлмөрийн урт жилүүдэд нүүр тулсан сорил, тохиолдсон сонин хачин, ер бусын үүх түүх, давж гарсан мөнчиг олон бэрхшээлийг амсжээ. Хүн зонд хүргэсэн ачлал, амьдрал бэлэглэсэн тохиолодол, энэ ер бусын ертөнцийн өгөгдөл чадлын талаар ганцхан жишээг өөрийнх нь өгүүлснээр хүргэе. Нэг өдөр манай нэг эмч намайг “Чи өнөөдөр миний оронд жижүүрт гарчихгүй юу. Маргааш би оронд чинь жижүүрлэе” гэдэг юм. Миний жижүүрийн ээлж уг нь маргааш нь байсан юм. Тэгэхээр нь “За за тэгье тэгье” гээд дөрвөн цагт хүрээд ирсэн чинь “Өө за дэмий жижүүрээ сольж дээ  Би өнөөдөр гардгаараа гардаг байж” гэлээ. “Яасан?” гэсэн чинь  “Нэг хүнд хүн ирээд үхчихсэн. Моргт тавьчихсан” гээд тэгж байна. Би  дөрвөн цагт жижүүрт гарчихаад нөгөө зуу гаруй өвчтөн үздэг юм чинь нөгөөдхийнхөө историйг үзэх гээд бөөн юм болдог юм. Эмчилгээгээ бичээд ингэсээр байтал тогооч хоол амс гэж байна гэхээр нь би хоол амсахаар гарлаа.  Моргийн байшингийн урдуур ороод гал тогоо руу очиж хоол амсдаг байхгүй юу. Ингээд хоол амсах гээд явж байсан чинь  моргийн байшин нэг ийм томоо хар цоож   зүүгээтэй тэр нь цоожгүй, татаад л хүнээ тавьчихаад цоожоо зүгээр углачихдаг тийм байсан юм.  Цэнджав гээд нэг асрагчтай тэр нь  цоожилдог ч үгүй сүүлд л хүний шарил сольсон, хариуцлага суларсан гээд цоожтой болж байж билээ.  Тэгсэн чинь моргийн байшинд ормоор санагдаад болдоггүй. Нөгөө цоожийг нь сугалаад орсон чинь үүдэн хавьд эмнэлгийн цагаан даавуун дээр өнөө хүнийг тавиад хоёр талаас нь бүтээчихэж.  Нэг их өндөр урт хүний цогцос байж байхгүй юу. Үнэхээр юм гэдэг сонин. Тэр чинь.1974 он шүү дээ. Тэгээд “Үгүй энэ чинь яагаад намайг энд оруулчихсан юм бол. Би юунд энд ороод ирэв?” гэсэн шүү юм бодогдоод явчихлаа. Би нэг хавтгай чагнууртай явж байсан юм тэрийгээ зүрхэн дээр нь тавиад үзсэн чинь зүрх нь ажиллахгүй, судас нь ч ажиллахгүй юм.  Амьсгал ч алга. судас ч байхгүй, зүрхний бүдэгхэн цохилт ч байхгүй.  Хөлийг нь үзсэн чинь  огт хөшөөгүй, бүр уян нугардаг байна шүү. ”Хүүе яадаг билээ энэ чинь” гэж бодоод зүрхэн дээр нь нөгөө муу хавтгай чагнуураа тавиад нөгөө муу цементэн шалан дээр хоёр гараараа дарж сөхөрч сууж байгаад зүрхэн тушаа нь хоёр гурав хүчтэй дараадахсан чинь нэг “түг” гээд л алга болчихоор нь “За даа энэ чинь үхээгүй хүн байж байдаг, би яах гэж энэ дотор орчихов оо. Энэ хүнийг л аврах л ёстой юм байж дээ” гэж бодлоо. Тэрхэн зуур олон юм давхцаж бодогдлоо.   Ингээд нөгөө хоол амсах ч манатай, тасаг руу гүйж очоод  “Хөөе энэ хүн  хаана нас барсан юм бэ, хэзээ нас барсан юм бэ?” гэсэн чинь “Өдөр 12 өнгөрч байхад нас барсан” гэдэг юм байна. Би чинь орой 18 цагт л тийм юм болоод  явж байгаа байхгүй юу. “Аль тасагт байсан юм” гэсэн чинь “Мэдрэлийн тасагт байсан” л гэж байна. Хэвтэж байсан тэр орон дээр нь авчрахаар нас барсан гэсэн хүн авч ирчихвэл тасагт хэвтэж байгаа нөгөө хоёр хүн хайчих билээ. Тэгээд нөгөө хүн нас барчихвал намайг чинь ёстой эсэргүү, жүжиг тоглосон хүн гээд  өнөө намайг дарамтлах намын хороо хэлтэс нь сүйдэлж өгөх биз. Аягүй бол шоронд өгөх байх гэж бодоод  бүр бодоод бодоод энэ хүнийг одоо яая даа гээд хариу олдоггүй ээ. Бодож байсан чинь гэнэтхэн нөгөө сүръеэгийн эмнэлгийн настай нэг хашир эмч байдаг юм, Гомбо гээд. Одоо ч байхгүй л  дээ бурханы оронд одсон, хөөрхий. Тэр хүн сүръеэгийн дөрвөн гэрийнхээ бүрээсийг нэг гэрийнх нь модыг барьж  давхарлаад барьчихсан байсан санаанд орлоо. “Та яах гэж энэ олон бүрээс давхарладаг юм, хүн хэвтэх юм биш ямар” гэсэн чинь “Үгүй ээ хүү минь хураачихаар огтоно идчихдэг юм”  гээд нөгөө хашир өвгөн тэгж байсан байхгүй юу. Тэгсэн хашир өвгөний үг жаран жилийн дараа надад хэрэг болохын чинээ яахин санах. Би сувилал байгуулахдаа 10 гэр авчихсан хураахлаар огтоно идчихдэг гээд мөнөөх өвгөний хэлж байснаар цөөхнийг нь барьж бусдыг нь буулгахдаа бүрээсийг нь давхарлаж тавиад оготно идүүлэхгүйгээр арчилдаг юм. Ухаантай хүний хэлсэн ганц үг, эрхэм үйлдэл хэзээ хожим хүнд эрдэм туршлага болдог гэж юутай үнэн билээ. 
 Нөгөө сүръеэгийн гэрийг шидэмсээр хошлонгоос уячихсан цоожгүй юм. Өнөө хүнээ сэхээн амьдруулах өөрийнхөө эмнэлгээс зөөж авч ирээд, зүрхэн дээр нь сэхээн амьдруулах амьсгал хийхэд пүрштэй ороор яахав гээд газар гудас тавиулаад хөнжил  авчмрч нөмөргөлөө. Гэрлүүгээ түргэний машинтай явж зуны зуух яндан хоёр байдаг юм тэрийгээ авч ирээд нөгөө гэрт чинь угсарч гал түллээ. Гэрээсээ жаал зуугаа мод түлш ч авлаа. За нөгөө америк сэтгүүлээс сурсан эмчилгээгээний хэргийг ч гаргах боллоо доо. Тэгээд зүрхэнд нь селдингэр тавиад бүх юмаа бичээд нөгөө хүний картыг нь үзсэн чинь мэдрэлийн тасагт 11 цагт хэвтээд тэгээд 12 өнгөрч байхад нас барлаа гээд историйг нь хаачихсан байхаар нь одоо “дахиад амьлуулах гэж байна” гэж бичилтэй биш, историйг шинээр нээлээ. Хэрвээ амьлуулах гэж байна гээд биччихвэл нөгөө дотрын эмч мэдрэлийн эмч нар маань бас асуудалд орчихно шүү дээ. Амилахгүй бол яадаг юм, нэг хүн ирээд л үхчихсэн байгаа биз гэж бодоод шинэ карт нээгээд, селдингэр тавиад  зүрхэнд нь шууд хийгээд бүтэлтэй сайхан ч боллоо. Эмчилгээ их амжилттай сайхан байж байсан ч судсыг нь үзэхэд зүрхний цохилт ирдэггүй. Ингэж хоёр гурав хонолоо.  Нэг жирс гээд л алга болчихоод, би ч горьдлого тасрахгүй эмчилгээгээ хийсээр л байлаа. Зургаа хоноод нүд нь хөдлөөд ухаан ордог юм байна. Аз болоход зургаан хоног дуудлага ирээгүй болохоор би тэр хүнийг тэр хугацааннд өөрийн гараар өдөр шөнөнгүй ноцолдож байж сэхээсэн дээ. Цэргийн ангиас бас сахиул цэрэг дуудсан байсан. Ерөөсөө жижүүр эмчид хэлэхгүй нууцаар эмчлээд сэхээчихэв ээ. Тэр хүн 18 настай цэргийн залуу байсан. Завхан аймгийн Отгон сумын хүн. Нөгөө муу найз хүүхэн Бага дээрээ очоод сэхсэн өвчтөнийх эцэг эхэд яаралтай цахилгаан өгөөрэй, би 2 төгрөг 70 мөнгийг нь өгнө гээд цахилгаан өгүүлчихсэн чинь тэр дороо мэдээ аваад Завханаас аав нь шууд хүрээд ирсэн. Хүүгээ үхчихсэн гэж бодоод санд мэнд, ер ямар ч бэлтгэлгүй өмссөн дээлтэйгээ хүрээд ирсэн байсан, хөөрхий. Тэгэхээр нь “За та яах вэ, манайд очоод хоол унд ид, амраад ав” гээд би өвчтөнөө сувилагчдаа захичихаад аавыг нь гэртээ аваачиж шөл хийж өгч, жаал тайвшруулан болсон явдлыг хэлж билээ. “За та манай энэ мах шөлнөөс хүүхэддээ хоол унд хийгээрэй, та санаа зовж нэрэлхэх юм байхгүй шүү” гэлээ.  Ингээд ааваар нь шимтэй хоол унд хийлгэж зөөлгөн хүүг нь асрууллаа. Нөгөө цэргийн сахиулыг нь хамт байлгаж дэмнэн харалцууллаа. Эмнэлгийн хоол өгөхөөр тэрийг цэрэг эр идээд, би гэрээсээ өвгөнд хоол хийж авч ирнэ.  Сэргэсэн залуу эцгийгээ танихгүй, намайг ч танихгүй,  гагцхүү нүд нь л хөдөлнө. Юм дуугарахгүй арваад хоног болсон. Ингээд гучин зургаан долоо хоног эмчлээд сайхан илааршаад, эцэг нь Завхан руугаа хүүгээ аваад явсан юм. Би цэргээс халагдах  бичиг, эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гээд юм юмыг нь бүрдүүлж өгөөд, үдэж өгсөн билээ. Одоо 60 гаран насны Лхачинжав гэж хүн нутагтаа сайхан амьдарч суугаа.  Надтай байнга ярина. Ээж нь  ерэн  насыг хол давсан ануухан хүн байдаг. Надтай байнга утсаар ярьж, “Эмч дээрээ очмоор л байна, энэ хөл хорионд боогдоод болохгүй байна” гээд л ярьдаг юм. Бид ийм хуурай ахан дүүс болцгоосон доо. 1975 оноос хойш жил болгоны эмчийн баяраар тэднийхэн намайг  радиод ярилцлага өгүүлж сэтгэлийн бэлэг барьдаг. Жил бүрийн цагаан сараар ирж золгоно. Лхачинжав маанв олон сайхан хүүхэдтэй өнөр өтгөн, сэтгэл амгалан, аз жаргал дүүрэн амьдарч яваа.  Тэр өдөр, тэр цаг мөчид би моргийн тэр хаалгаар орох далдын хүчинд хөтлүүлээгүйсэн бол нэг сайхан залуу амьдралаас буцаж, олон сайхан үрс нь хорвоод төрөхгүй, эцэг эх нь шаналсаар дуусах байсан даа гэж бодохоор намайг ийм зүйл хийлгэсэн Дээд тэнгэрийн хүч, увдис сахиусныхаа дуудлагад талархахгүй яанам билээ. ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЛУУЖИН хүнийг үргэлж залж, хөтөлж, алтан гадас од мэт замыг заан гийгүүлж байдаг ажгуу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
на Сайхан түүх байна
IP:66.181.160.109  2022-07-09 11:53:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.