Хүмүүс: |
АНУ-ын завсрын сонгуулийн дүнгээр Ардчилсан нам Сенат дахь олонхын статусаа хадгалан үлдэж чаджээ.
Невада мужид Ардчилсан намын нэр дэвшигч Кэтрин Кортес Масто ялах нь тодорхой болоод байна. CBS сувгийн таамгаар, зургаан жилийн өмнө Сенатад сонгогдсон анхны Латин Америк эмэгтэй болж байсан Масто гол өрсөлдөгч Адам Лаксалтыг 0.7 хувийн саналаар тэргүүлж байна. Ингэснээр, Ардчилсан нам одоогоор 50, Бүгд найрамдах нам 49 суудалтай болоод байна. Одоогоор Жоржиа мужийн санал хураалтын дүн тодорхойгүй байна. Тус мужид хоёр дахь шатны сонгуулийг арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр болжээ.
Жоржиа мужид Бүгд найрамдах намын нэр дэвшигч ялсан тохиолдолд суудлын тоо тэнцэх ч Сенатыг даргалагч АНУ-ын дэд ерөнхийлөгч шийдвэрлэх тул Ардчилсан намын гишүүн дэд ерөнхийлөгч асуудлыг өөрийн талд шийдвэрлэнэ.
Харин Төлөөлөгчдийн танхимын төлөөх өрсөлдөөн үргэлжилсэн хэвээр. Бүгд найрамдах нам одоогоор 212 суудал авч тэргүүлж байна. Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд 218 суудал авах хэрэгтэй. Бүгд найрамдах нам Конгрессын доод танхимд олонх болсноор Цагаан ордны тэргүүн Жо Байден багагүй бэрхшээлтэй нүүр тулна. Гэхдээ тус нам доторх зөрчил түүнд ашигтай байх нь тодорхой гэж шинжээчид үзэж байна.