Ж.Батзандан ”Ганц худаг”-ийн Урьдчилан хорих төвөөс захидал илгээлээ

2008/07/22
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
Ж.Батзандан ”Ганц худаг”-ийн Урьдчилан хорих төвөөс захидал илгээлээ

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандан "Ганц худаг" дахь урьдчилан хорих төвөөс захидал ирүүлснийг бид бүрэн эхээр нь нийтэлж байна.

Уг захидалд "21-р зууны Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт, төрийн хүчирхийлэл газар авч эхэллээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрийн шалтгаанаар олон зуун хүнийг хоморголон баривчилж, тарчлаан зовоож, ямар ч үндэслэлгүйгээр ял тулган хүлээлгэх явдал газар авсаар байна.

Ялангуяа улс төрд шургалсан олигархиуд, албан тушаалын гэмт хэрэгтнүүд эрх мэдэл, байр сууриа хадгалан үлдэхийн тулд сонгуулийг луйвардах, иргэдийг айлгаж сүрдүүлэх, иргэний нийгэм, шударга ёсны төлөө тэмцэж буй олон арван залуучуудад улс төрийн хилс, зохиомол хэрэг тулган хүлээлгэхээр улайран хөөцөлдөж эхэллээ.

Иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулсан цагдаагийн байгууллагынхан өөрсдийн гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд сөрөг хүчний удирдлагуудад болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд ял тулган хүлээлгэж, ямар ч аргаар хамаагүй тэднийг буруутгах зорилго тавин ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, эрх зүйн чадамжгүй, оюуны хомсдолтой болон эрүүгийн онц хүнд, хүндэвтэр гэмт хэрэгтнүүдээс Иргэний хөдөлгөөний болон сөрөг хүчний удирдлагуудын талаар зохиомол мэдүүлэг гарган авч түүнийгээ хэвлэл, мэдээллээр цацах зэргээр хууль бус үйлдлүүд тасралтгүй хийсээр байна.

ИХ намын дарга, "Иргэний Эвсэл"-ийн ерөнхий зохицуулагчийн хувьд 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн жагсаал, цуглаан, үймээн самуун нь Монголын нийгэмд шударга ёс алдагдаж, ядуурал газар авч, иргэдийн бухимдал нэмэгдсэнээс үүдсэн мянга мянган жирийн иргэдийн тэмцэл байсан гэж үздэг. Түүнээс бус эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн эсрэг чиглэсэн ямар нэгэн зохион байгуулалттай, санаатай үйлдэл байгаагүй гэдэгт би итгэлтэй байна. Харамсалтай нь цагдаагийн байгууллага иргэдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ умартан эрх баригч нэг намын байр савыг хамгаалж, зэвсэг хэрэглэн цус урсгаснаас болж үймээн самуун дэгдэж олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсон байдаг.

Монгол Улсад 16 нам, хоёр сая 600 мянган иргэн бий. Иргэдээ биш намын байрыг хамгаалдаг, ард түмнээ биш улс төрчдийг хамгаалдаг эрүүл бус тогтолцоо, цагдаагийн хоцрогдсон сэтгэлгээ л үүссэн нөхцөл байдал, эмх замбараагүй байдлын гол буруутан нь болно.

Нөгөө талаас "Онц байдлын тухай хууль"-ийг Монголын төр анх удаа хэрэглэлээ. Онц байдлын тухай хуулийн гол зорилго нь бас л иргэдээ хамгаалахад чиглэх ёстой. Түүнээс биш онц байдлаар далимдуулан дарангуйлал тогтоох, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байхгүй. Тиймээс ч "Онц байдлын тухай хууль"-д онц байдал тогтоосон үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Харин эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг эсэргүүцэж жагсаал цуглаанд оролцсон сөрөг хүчнүүд хариуцна гэсэн заалт байхгүй.

Иймээс цагдаагийн хүчирхийлэл, Онц байдлын хуулийг буруу хэрэглэснээс үүдсэн хохирлыг ИХ нам ба түүний удирдлагууд, шударга ёсны төлөө тэмцсэн иргэд хүлээх ёсгүй.

Өнөөдөр ИХ намын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 177.2 гэсэн зүйл ангиар төрийн эсрэг гэмт хэрэгт яллагдагчаар татан "Ганц худаг"-т хорьж байна. Энэхүү зүйл анги нь 20-25 жил гянданд хорих, эсвэл цаазаар авах ялтай бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангид тооцогддог ба 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр 40 гаруй мянган монгол хүний алтан амийг авч одсон зүйл ангиудын нэг юм.

"Зандалчлах" хэмээн нэрлэсэн энэхүү зүйл анги нь хөгжилтэй орнуудад террорист болон алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан этгээдүүдэд хэрэглэгддэг. Үүнээс биш Үндсэн хуулийн дагуу эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн, иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд тулгадаг зүйл анги биш юм.

Аливаа гэмт хэрэгт обьектив, субьектив бүрэлдэхүүн гэж байдаг. Мөн санаа сэдэл, үйлдэл, учирсан хохирол гурвын хооронд зохистой учир шалтгааны холбоо ч гэж байдаг. Харин улс төрийн хэлмэгдүүлэлтээр хэн нэгнийг яллахад гэмт хэргийн бүрэлдэхүүнийг харгалзахаасаа илүү гэмт хэргийг тулган хүлээлгэдг, гэмт үйлдлийг ямар ч аргаар хамаагүй хэн нэгэнд тохдог Вишинскийн арга л хангалттай юм.

Өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, МАХН сонгуулийн луйвраа халхавчлах, мартагнуулах зорилгоор эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр ИХ намын удирдлагуудыг баривчлан цагдан хорьж, байцаан шийтгэж, ял тулгаж байгааг миний бие эрс эсэргүүцэж байна.

МАХН-ын үйлдсэн 1937, 1964 оны хэлмэгдүүлэлтийн хар толбо арилаагүй байхад улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач гуч нарынх нь шарх аниагүй байхад, хэлмэгдэгсэдийн урссан цус газрын хөрсөнд бүрэн шингээгүй байхад, тэдний сүнс тайван нойрсоогүй байхад 21-р зууны шинэ хэлмэгдүүлэлт, улс төрийн хүчирхийлэл МАХН-аас дахин гарч ирлээ.

Иймээс миний бие Иргэний нийгмийн зүтгэлтэн, ИХ намын даргын хувьд улс төрийн хэлмэгдүүлэлт, Монголын төрийн хүчирхийллийг эсэргүүцэж шударга ёсны төлөө алтан амиараа дэнчин тавьж тэмцэхээр энэхүү захидлыг бичиж байна. Яг энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амар хилс хэрэгт гүтгэгдэж цаазаар авахуулахын өмнө "Монгол төр өөрийнхөө төлөө зүтгэсэн хүнд хаалттай" гэж тэртээ 80-аад жилийн өмнө хэлсэн үг санаанд орж байна.

Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл нь Монгол оронд шударга ёсыг тогтоох, эх орондоо эрүүл нийгмийг байгуулах, товчоор хэлбэл, иргэнээ дээдэлдэг нийгмийг байгуулах явдал байлаа. Энэ бол мянга мянган эгэл жирийн монголчуудын хүсэл мөрөөдөл гэдэгт би итгэдэг. Энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө, бидэнд хилсээр тулгаж байгаа ял, нийгмийн шударга бус байдлыг би өөрийн амь насаар дэнчин тавьж эсэргүүцэхээр шийдлээ. Миний эрүүл мэндийн байдал тааруу байна. Эмч нар, эмнэлгийн ажилтнууд энэхүү тэмцлийг эсэргүүцэж байгаа боловч миний бие эх орондоо шударга ёс тогтоосой, эгэл жирийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл биелдэг байгаасай, улс төрийн хэлмэгдүүлэлт дахин бүү давтагдаасай гэсэндээ өөрийн итгэл үнэмшлээр энэ шийдвэрийг гаргалаа.

Үхэх, сэхэхийн зааг дээр байгаа миний бие Монгол түмэндээ үнэнч явсан гэдгээ андгайлъя. Иргэний нийгэм, нийгмийн шударга ёсны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гэдгээ илэрхийлье.

Монгол түмний минь заяа буян түших болтугай.

Жич: Миний амь нас эрсдэхэд "Ганц худаг"-ийн Урьдчилан хорих төвийн удирдлагууд болон надтай хамт тэмцэж явсан нөхдүүд, ар гэрийнхэн минь ямар ч буруугүй болно. Гагцхүү хилс хэрэг тулгаж буй цагдаагийн байгууллага, энэхүү хэргийг улс төржүүлэн бидэнд улс төрийн хавчлага, шахалт үзүүлж буй МАХН-ын өнөөгийн удирдлагууд буруутай.

Тодорхой хэлбэл, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нар миний амь насыг хөнөөсөн хэрэгт шууд холбоотой гэдгийг мэдэгдье" гэжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.