Хүмүүс: |
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүрэгт задгай талбайд худалдаа хийдэг 40 гаруй нэгж, иргэнд хүнсний эрүүл ахуйн шалгалтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн байна. Шалгалтын явцад нэлээд зөрчил илэрчээ. Энэ талаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Цэрмаагаас тодрууллаа.
-Шалгалтад хичнээн аж ахуйн нэгж хамрагдсан бэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежерын хамтран баталсан удирдамжийн дагуу бид нар Баянзүрх дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дээр үйл ажиллагаа явуулдаг нийт 42 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.
-Ямар ямар зөрчил илэрсэн бэ?
-Иймэрхүү шалгалт жилийн жилд явагддаг, гардаг зөрчлүүд нь ч нийтлэг байдаг. Шалгалтын үеэр хамгийн наад зах нь айрагны гэрүүд гэхэд л зөвхөн айраг зарах зөвшөөрөлтэй атлаа цагаан идээ, мах зэрэг өөр төрлийн бүтээгдэхүүн худалдаж байна. Гэтэл тэр махыг хэн хаана чанаад, яаж хадгалж байгаа юм. Хадгалах нөхцөл нь ч шаардлага хангахгүй. Тэгэхээр бид зөвхөн гэрээнд тусгагдсан зүйлээ зараач ээ гэдэг шаардлагыг тавьсан.
Саяны шалгалтад айраг худалдан борлуулж буй есөн гэр хамрагдсан. Бид айрагнаас нь дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Шинжилгээнд хамрагдсан айрагны 20 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дүн гарлаа. Айрагны гэрүүдэд хамгийн наад зах нь угаалга, цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй хийгддэг. Уг нь угаалга цэвэрлэгээг гурван дамжлагаар хийх ёстой. Гэтэл айрагны гэрүүдэд ийм угаалга дамжлага хийх боломжгүй. Тиймээс манай зүгээс нэг удаагийн аяга, тавгаар үйлчлэх, үйлчилгээ хийж буй хүмүүсээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаач гэдэг шаардлага тавьсан.
Бас нэг хүндрэлтэй асуудал нь ахуйн хог хаягдал болон хэрэглээнээс ялгарсан бохир ус байдаг. Энэ асуудлыг яаж шийдсэн талаар ч давхар шалгалт хийсэн
Ер нь ил задгай жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь хадгалалт, борлуулалтын эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй. Ихэнхи нь ямар ч шинжилгээ, баталгаагүй бүтээгдэхүүнийг авчраад зарж байна. Гэтэл ном дүрмээрээ бол Мэргэжлийн хяналтын байгууллагаар чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргуулсан байх ёстой. Гэтэл манайхан хаана, хэн үйлдвэрлээд байгаа нь мэдэгдэхгүй, хаяг шошго нь тодорхой бус барааг зардаг. Дээр нь өдөржин халуун наранд гар дээрээс худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн ямар байх нь ойлгомжтой.
Мэдээж бид нар хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гээд орхичихдоггүй. Албан шаардлагыг хүмүүст хүргүүлдэг.
Энэ шалгалтад шорлог хийж зардаг таван аж ахуйн нэгж хамрагдсан. Эдгээр аж ахуйн нэгж нь харьцангуй ардаа гал тогоотой газрууд байлаа.
Харин манайхны нэг технологийн алдаа байдаг. Махаа модны галан дээр шарахад гадна талыг түлээд, дотор тал нь дутуу болдог. Тэгээд иргэдээс түүхий шорлог өглөө гэсэн гомдол ирдэг. Уг нь технологи нь бол модны нүүрсний цогон дээр болгох хэрэгтэй .Энэ нь махыг зөөлөн, жигд болгодог.
-Зөрчил гаргасан газруудад ямар хариуцлага тооцдог вэ?
-Эхний удаа зөвлөгөө өгнө. Дараа нь албан ёсоор бичгээр зохих шаардлага хүргүүлнэ. Хэрвээ үнэхээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчын тавьсан шаардлагыг биелүүлж чадахгүй бол бид үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна.
-Урьд жилүүдтэй харьцуулахад ямар байна вэ?
-Жил болгон л явагддаг шалгалт. Ядахдаа дүүрэг мааань гэрээ хийхдээ наад захын шаардлагуудыг тавьж, хэрэгжүүлэх ёстой. Ер нь ийм үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хүлээж аваад наад захын шаардлагуудыг хангасан байх ёстой гэдгийг урьдчилан сургалт семинар маягаар өгөх нь зүйтэй. Хүн болгон дээр очиж ярих биш болж өгвөл бүгдийг нь цуглуулаад заавар зөвөлгөө өгөх нь илүү үр дүнтэй байх.
Эх сурвалж: Өдрийн сонин