Монголчууд Олимпод хувцасаараа Хятадтай ижилсэх үү

2008/07/31
Share |
Хүмүүс:
Монголчууд Олимпод хувцасаараа Хятадтай ижилсэх үү

Бээжин-2008 зуны Олимпийн их наадам хаяанд ирээд байна. Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд улс орон бүхэн өөр өөрийн гэсэн хувцасаар гангардаг. Тэгвэл манай баг тамирчдын энэ удаагийн гангараа шар өнгийн пиджак, цагаан өмд, цагаан банзал байх аж. Уг хувцасыг "Аса трейд" компанийн захиалгаар "Шилмэл загвар" компанид урласан байна. Манай улсын хувьд олимпийн таван цагаригийн өнгө дагуу олимп бүрд өөр өөр өнгийг сонгодог аж. Сиднейд улаан, Афинд ногоон өнгийн хувцас өмсөж байсан байна. Энэ удаад медалийнхаа өнгийг өөрчилнө гэх утгаараа алтан медалийн шар өнгийг сонгосон ажээ. Тэгээд ч монголчууд 11 удаа олимпод оролцохдоо шар өнгийн ёслолын хувцас нэг ч удаа өмсөөгүй юм байна. Үүнтэй холбогдуулан зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын баг тамирчид Олимпийн нээлтийн ажиллагаан дээр манай тамирчидтай адилхан шар хувцас өмсөх гэнэ. Энэ асуудлаар МҮОХ хуралдсан байна. Хуралдааны үеэр зарим тамирчид Хятадын нэг муж улс харагдах учир энэ хувцасыг өмсөхгүй гэж санал зөрөлдсөн аж.

Энэ бүхний эцэст цэнхэр зангиа зүүж ялгархаар боллоо гэсэн мэдээ гарсан. Үүний дагуу Олимпийн хорооноос тодруулахад "Хятад улсын баг тамирчид яг ямар хувцас өмсөхийг бид мэдэхгүй байна. Адилхан хувцастай байх тохиолдол гарч байдаг юм. Афины олимпод гэхэд манай баг тамирчидтай адил хувцасыг Өмнөд Африкийн баг өмссөн байсан" гэж хариулсан юм. Адилхан хувцас өмсөх тохиолдол гарч л байдаг гэсэн хариултаас аваад үзэх юм бол Хятад улсын баг тамирчид шар өнгийн хувцасаар гангарах болсон нь үнэн байх магадлал байх шиг. Хэрвээ яг адил хувцас өмсөх юм бол хичнээн цэнхэр зангиа зүүгээд ч ялгараад байх нь юу л бол. Бусад орныхон Соёмбот далбаа барьсан хэдэн Хятад л алхаж байна л гэж харах байх. Шар өнгийн хувцас өмсөх гээд л байгаа юм бол заавал Европ загвартай байх албагүй баймаар. Олимп гэдэг бол тамирчдын өрсөлдөөний талбараас гадна эх орноо дэлхий дахинд сурталчилах томоохон боломж байдаг. Тэгэхээр үндэсний хувцасаа шар өнгөтэй хийгээд өмсчихсөн бол хичнээн өнгө нь адилхан байсан ч ялгарч болох л байсан байх. Ямар л бол ямар загвараар хөнгөн шингэн хийж болдог болчихсоныг мэдээгүй байна гэж баймааргүй юм.

Энэ удаагийн Олимпийн наадмын нээлтэнд Монголын тугчаар Б.Баяржавхлан явна гэж байгаа. Хятад улс шар өнгийн хувцас өмссөн өмсөөгүй ядаж тугчиндаа үндэснийхээ хувцасыг өмсүүлчихвэл Монголын туг, тугчин хоёр эх орноо тодотгоод бусад улсаас арай өөр харагдах байх. Энэ бүхэн дээр МҮО-ын хороо анхаарлаа хандуулж мэргэн шийдвэрт хүрэх биз ээ. Дашрамд дурьдахад Олимпод оролцох тамирчдын нээлтийн ёслолын болон бэлтгэлийн хувцасыг ирэх сарын 2-ны өдөр улсын циркт гардуулах юм байна.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.