Эрүүгийн хуулийн 177 заалт “Форум”-ын Энхбатынх

2008/07/31
Share |
Эрүүгийн хуулийн 177 заалт “Форум”-ын Энхбатынх

-”Иргэний хөдөлгөөн” гэх нэрийн дор Ж.Батзандан, О.Магнай нарыг маш сайн ашиглаж чадсан хүн бол Д.Энхбат. Иймэрхүү байдлаар улстөрд шургалж чадсан эрхэм-
Монголын үндэсний телевизээр “форум” хэмээх нэвтрүүлэг гарах болсон нь тухайн үедээ олны талархалыг ихэд хүлээж байсан нь нууц биш. Харин ард иргэдийн таашаал, итгэл рүү өнөөдөр уг нэвтрүүлгийн хөтлөгч ус цацсаар байх болов. Бүр байнга шүү. “форум”-ын Энхбат хэмээн олонд танигдсан энэ хүний гишгэсэн газар бүрт нь хар толбо үлдсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. “Датаком” гэх компанийн эзэн жудагтай эр биш бололтой юм. Уг нь монголчуудыг интернэтийн зах зээлтэй холбож өгсөн ачтан. Гэхдээ гүүр болгож гүйснийхээ төлөө монголын ард түмнээс хэдэн сая, тэрбумаар нь халааслаж чадсан сүйхээтэй нэгэн. Өдөр тутмын нэгэн сонинд түүнийг мөнгөнд нугасгүй бөгөөд мөнгөний төлөө юу ч хийж чаддаг талаар нь бичсэн байна лээ. Бүр баримттай нь шүү. Тэрбээр анх “форум” нэвтрүүлгээ өөрөөр хэлбэл өөрийг нь олонд танилцуулсан нэвтрүүлгээ хөтлөхдөө “Надад хэчнээн төгрөгийн цалин өгөх юм бэ” хэмээж байсан удаатай гэнэ.
Уг нь тэр том компанийг эзэмшдэг, мэддэг хүний хувьд хөтлөгчийн цалин дутмааргүйсэн. Эдийн буюу мөнгөний шуналтай нэгэн ч гэж тодорхойлсон нь тохиолдлынх биш биз ээ. Мөн хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцлийг хүргэж явдаг “Донж” хэмээх тодотголтой Б.Төгөлдөр ч өөрийн байр сууриа илэрхийлж байна лээ, телевизээр. Тэрбээр гашуун боловч үнэнийг хэлдэгтээ зарим хүний хараалын бай болдог ч байж магад. Түүний хэлснээр Д.Энхбат гэгч хүний ярих чадварынх нь түгжээ мултарсан гэнэ. Харин бусад зүйл нь бүгд түгжээтэй хэвээр байгаа гэж тодорхойлж байсан. Телевизээр гарч “од” болоод хэдэн улс төрчдийг хооронд нь хэрэлдүүлж, мэтгэлцүүлж л улс төр гэх том айлын хаалгыг тогшихтойгоо болсон гэх юм билээ. Үнэхээр ч Д.Энхбат гэгч хүн өнгөрөгч 2007 онд “Иргэний холбоо”-г байгуулан улс төрд орох нүхээ малтаж эхэлсэн. Харин уг хөдөлгөөнийнх нь цар хүрээ өөрийнх нь санаанд хүрээгүй бололтой нэг мэдэхнээ л намын дарга болчихсон тарвалзаж явсан. “Монголын ногоон нам”-ын тэргүүн хэмээгдэн сэтгүүлчдэд мөн ч олон удаа хэвлэлийн бага хурал хийлгэж явсныг уншигчид маань мэдэж байгаа байх. Өнгөрөгч он манай улсад үйл явдал буюу сенсааци дэгдээх хэмжээний олон зүйл болсон. Үүний зөвхөн нэг л Дархан-Уул аймгийн Хонгор сумын асуудал. Химийн онцгой хортой бодис болох цианит натри алдагдаж бүхэл бүтэн сумын иргэд эрүүл мэндээрээ хохирсон. Өчнөөн тооны мал хорогдож, бүр эрдэнэт хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн үед өнөө ногоон намынхан гэсэн хэсэг бүлэг хүмүүс бид химийн бодисын тархалтыг зогсооно, Хонгорчуудын сайн сайхныг төлөө амь, бие үл хайрхан зүтгэнэ гэж байсныг нь санаж байна. Гэтэл уржигдар “Монголын үндэсний ногоон хөдөлгөөн” болон “Шударга иргэдийн фронт” зэрэг түүнтэй хамтран зүтгэгчид, журмын нөхөд нь Д.Энхбатын багийг хуулчихна билээ. Монголын байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна, гол горхи ширгэж, мод, ургамал хатаж гүйцлээ гэж та бидний нүүрэн дээр ярьдаг бүгд нь худал байж. Ердөө л улс төрд орохын тулд, олон нийтэд танигдахын төлөө л тавьж байсан ээлжит жүжгүүдийнх нь нэг байжээ. Журмынх нь нөхдийн хэлснээр мань эр намын дарга гэдэг нэрээ худалдаж авсан гэнэ. Мөнгөтэй учраас ногоон намын тэргүүн, намын дарга гэгдэж байсан юм байна. Харин байгаль экологид учиргүй санаа зовдог, тавьдаг ганц ч гэсэн хүн нэмэгдлээ гэж та . бидний бодсон нь буруу байж. Нэгэн үе хамтран ажиллаж бас ч үгүй журмын нөхөд болцгоосон дээрх эрхмүүдийн хэлж буйгаар Д.Энхбат байгаль экологи гэсэн үг дуулдуут уурлаж уцаарладаг байсан гэнэ. Өнөө байгаль дэлхийд хайр зарлаад байсан нь түрхэн зуурын шохоорхол байсан нь төд удалгүй мэдэгдсэн гэж хэлж байсан. Түүгээр барахгүй намын маань нэр хүндэд байгаль экологи гэж ярих нь зохимжгүй, халтай гэж хэлж байсан удаатайг ч журмын нөхөд нь хэлж байх юм. Нам байгуулж, жагсаал цуглаан хийж олон түмний хүндэтгэлийг хүлээж эхэлсэн залуусыг өөртөө татадаж чадсан нь түүний бас нэгэн алхам байсан. “Иргэний хөдөлгөөн” гэх нэрийн дор Ж.Батзандан, О.Магнай нарыг маш сайн ашиглаж чадсан хүн нь Д.Энхбат. Иймэрхүү байдлаар улс төрд шургалаж чадсан эрхэм. Түүнээс биш өөрийн эр зориг, хөлс хөдөлмөр, оюун ухаанаараа улстөрч болсон хэрэг огтоос биш юм. Зарим нэгэн эх сурвалж түүнийг “Сорсын сангийн угжны хүүхэд” гэх юм билээ. Энэ үгийг нэлээд олон хүний амнаас сонсов. Тэгээд нь олны үг ортой гэж монголчууд ярьдаг шүү дээ. Эрхэм Д.Энхбат нэвтрүүлэг хөтөлж, нам байгуулан, та бидэнд элдэв сайхныг амлан байж УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадсан. Одоогоор гишүүний түр үнэмлэхээ өвөртлөөд явж байгаа Гэсэн хэдий ч тэрбээр тангараг өргөөгүй учраас дархан эрхийг одоохондоо эдэлж эхлээгүй байна. Ийн эрх дархаа эдэлж чадахгүй байгаа нь энэ сарын 1-нд болсон олон нийтийг хамарсан үймээн самуунтай холбоотой. Тэрбээр уг үймээн самуунд өөрийн гэх хувь нэмрээ оруулаад амжсан хүн. Тухайн өдөр жагсаалд оролцохоор ирсэн хүмүүсийг турхирч байгаа түүний дүр зураг мөн ч олон телевизийн хальснаа үлдсэн байна лээ. Нийслэлчүүд төдийгүй улс даяар цацагдсан учраас монголчууд бүгд харсан. Баримт нотлогоо нь одоо ч байж байгаа болохоор түүнийг ийн хэлж байгаа хэрэг. Уг нь жагсагчдыг турхиснаараа, Иргэний эвсэл гэсэн нэрийн дор жагсаал зохион байгуулснаараа өнөөдөр энэ эрхэм О.Магнай, Ж.Батзандан нарын хамт саатуулагдаж байх ёстой. Гэтэл түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр үг хэлсэн дээрх хоёр хүн хамгийн түрүүнд хоригдсон. Харин үймээн самууныг зохион байгуулагч гол этгээд нууц ноёнтон гэгдээд байгаа Д.Энхбат олны анхаарлыг маш их татсан хэвээр. Мэдээж өөрийгөө монголын төрд орох ёстой басхүү мэдлэг боловсролтой өөгүй цэмцгэр гэж бодсон учраас УИХ-д нэр дэвшсэн байх. Түүний далд бус ил нүүрэнд л хууртан нийслэлчүүд санал өгсөн биз. Уг нь шударга үнэнч лидер хүн мөн бол өнөөдөр Д.Энхбат нуугдах бус үнэн мөнийг хэлэх ёстой байсан баймаар. Гэтэл тэр МАХН-ын цагаан байр руу уулгалан дайрч байх үед анх ирж байсан шигээ жудагтай зан гаргамаар л байгаа юм. Даанч олны дунд нисч буй бор шувууны адилаар нуугдаж эсхүл зүгээр ажиллаад явж байгаа гэдгээ олон түмэндээ хэлэх цаг нь болсон байлтай. Түүний энэ дорд байдал нь ард түмний дунд сөрөг хандлагыг бий болгож байгаа нь нууц биш. Өнөөдөр үймээн самууныг голлон зохион байгуулсан этгээдййг, тэр дундаа олны танил хүнийг барьж саатуулчихаж чадахгүй байна гэж төрийн цагдааг буруутгаж байгаа. Иргэдийн үнэлэмж ч ийм болсон нь Э.Энхбат нарын хүмүүстэй холбоотой гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Өөрийнх нь өдөөн хатгасан, зохион байгуулсан үймээнээр таван хүний амь нас хохироод байхад Д.Энхбат гэгч таг чиг. Ядаад эмгэнэл ч алга. Хар ухаанаар бодоод үзэхэд ухаантай, боловсролтой басхүү намын дарга хүн эмгэнэл илэрхийлчих соёлтой л баймаар юм. Даанч энэ хунд ард түмнээ байг гэхэд журмын нөхөд хэмээн хэсэг хугацаанд хамт Сүхбаатарын талбайд гандаж, гудамжинд хөхөрч явсан залуусаа ч бодох сэхэл алга бололтой юм. Ердөө л хар толгойгоо хойхоолж, амиа бодохоос хэтрэхгүй нь. Ж.Батзандан, О.Магнай нарт Эрүүгийн хуулийн 177.2-оор яллаж байхын оронд хэргийн эзэн хэнгэргийн дохиур Д.Энхбатад л энэ ялыг тулгамаар байгаа юм. Эрүүгийн хуулийн уг заалтад, энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэжээ. Тэгэхлээр уг зүйл заалт Д.Энхбатад яг тохирсон ял баймаар байгаа юм. Иргэний эвсэл нэрийн дор гэм зэмгүй олон хүнийг тэрбээр өргөст торны цаана суулгаж чадсан. Ийм үйлдэл хийж чадсан шиг ээ гэм буруугаа хүлээж бас чаддаг байх ёстой. Эсвэл иргэдийн дунд нисээд байгаа бор шувуу ташаа мэдээлэл тараагаад байгаа бол үнэн мөнийг Д.Энхбат та иргэн, намын дарга хүнийхээ хувьд хэлэх цаг нь иржээ.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.